Улаанбаатар таймс сонинд өгсөн ярилцлагаа орууллаа
“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран хөтөлдөг “Номын хит” булангийнхаа энэ удаагийн дугаарт зар сурталчилгаа, пи арын талаарх нэгэн сонирхолтой номыг танилцуулж байна. Энэ номыг “Х Номын сан” клубээс орчуулан гаргажээ. Энэ клубээс орчуулан уншигчиддаа хүргэж байсан “Хэлэлцээр хийх урлаг” ном манай булангаар орж байсныг уншигч авхай санаж байгаа бизээ. Ингээд тус номын орчуулгын зөвлөхөөр ажилласан Ц.Наранбаттай уншигч таныг уулзуулъя.
-Юуны түрүүнд та номныхоо талаар танилцуулахгүй юу?
-Энэ номыг “Брэндийн хөдөлшгүй 22 зарчим” хэмээх алдарт номыг бичсэн Эль Райс, Лора Райс нар бичсэн юм. Зар сурталчилгааны уналт ба пи арын сэргэн мандалт гээд сонсохоор зарим талаар эгдүүтэй санагдах байх. Яагаад эгдүүтэй гэхээр маш олон менежер, маркетер, компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд зар сурталчилгаанд хамгийн их хөрөнгө зарцуулж байна. Гэтэл тэр асар их хүч, мөнгө зарцуулж байгаа салбар нь унаад байна гэхээр гайхаж, эгдүүцэх нь аргагүй биз. Яагаад зар сурталчилгаа унаад байна гэдгийг эдийн засгийн суурь ойлголт, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн үүднээс товчхон тайлбарлахад нэгдүгээрт, зар сурталчилгаа хэтэрхий их болчихсон. Манайхан ярьдаг шүү дээ, кинон дундуур реклам гараад байна уу, рекламан дундуур кино гараад байна уу гэж. Хоёрдугаарт, FM сонсдог маш олон оюутан залуус байна. Машиндаа ч тэр, гэртээ ч тэр FM их сонсдог болсон. Гэтэл зарим үед FM сонсохоос залхуу хүрдэг. Дундуур нь элдэв хачин дуу авиагаар реклам уншдаг. Ингээд зурагт асаасан ч зар сурталчилгаа,FM сонссон ч зар сурталчилгаа байдаг. Зарим судалгаанаас үзэхэд Монголын томоохон гэгддэг сонин сэтгүүлийн 70 хувь нь зар сурталчилгаа, дөнгөж 30 хувь нь уншигчдад хэрэгтэй мэдээ мэдээлэл, нийтлэл байдаг. Тэгвэл зурагт үзэхгүй, FM сонсохгүй, сонин уншихгүй зүгээр л гудамжаар явъя. Дүүрэн сурталчилгааны эрээн мяраан самбарууд. За үүнийг болъё гэхэд автобус, машин, тэр бүү хэл ариун цэврийн өрөөний хаалган дээр хүртэл сурталчилгааныхаа хуудас наачихсан. Ингээд үзэхээр бидний эргэн тойронд дүүрэн зар сурталчилгаа байна. Өөрөөр хэлбэл зар сурталчилгааны нийлүүлэлт хангалттай байгаа гэсэн үг. Бүтээгдэхүүний нийлүүлэлт ихдэхээр үнэгүйдэж, хэрэггүй болдог. Хамгийн энгийн жишээ бол саяны сонгууль. Хаалга тогшингуут өмнөөс нь сурталчилгааны сонин, хуудас авахгүй шүү гэж хэлж байна. Зар сурталчилгаа анх гарч ирж байхдаа их хүчтэй байсан. Анх “Даламал” компани люкс саван, липтон цай гээд цөөхөн хэдэн бүтээгдэхүүний сурталчилгааг үндэсний телевизийн нэвтрүүлгүүдийн завсраар цацдаг байлаа. Тэр үед маш сонирхолтой, хүн болгон энэ люкс саванг авч үзэх юмсан гэдэг байсан. Би гэхэд липтон цайны сурталчилгааны дууг цээжилчихсэн, дагаад дуулж явлаа. Энэ үед зар сурталчилгаа их үр дүнтэй байсан. Одоо бол дэлхийд ч тэр, манайд ч тэр зар сурталчилгаа унаж байна.Тэгвэл пи ар яагаад сэргэн мандаад байгаа юм? Зар сурталчилгааг гарахаас өмнө пи ар их хөгжчихсөн байсан. Намайг жаахан байхад Их дэлгүүрт оймсон түрийтэй гутал ирчихсэн байгаа гэнэ, тэдний өдрийн тэдэн цагт худалдаанд гарна гээд л амаас ам дамжин яригдана. Ээж аавдаа хэлэхэд аав маань их дэлгүүр нээгдэхээс өмнө дугаарлаж байгаад булаацалдаж авч байсан. Гэтэл даавуун дээр манай дэлгүүрт шинэ гутал ирлээ гэж бичээд өлгөчихсөн байхад тэр болгон хүн тоодоггүй байсан шүү дээ.
-Хамгийн хүчтэй пи ар болон хүчгүй зар сурталчилгааны жишээ?
-Манайд хамгийн хүчтэй хэрэгжсэн хөтөлбөр бол архины хөтөлбөр байсан. Өрх бүрт сард хоёр шил архины норм тогтоож өгсөн. Ингэснээрээ архи ховор нандин бараа, нэр хүндтэй бэлэг болж хувирсан. Төрийн энэ пи арын тусламжтайгаар архи ихээр бор¬логддог болсон. Нөгөө талаараа энэ үеэс Монголчууд архинд орсон, живсэн. Энэ бол хэдийгээр хар ч гэсэн аймар хүчтэй пи ар болсон. Одоо архийг сурталчлахыг хориглосон ч гэсэн хамгийн их борлууллагддаг бүтээгдэхүүн шүү дээ. Зар сурталчилгаагаар маш амжилттай унасан брэндийн түүх бол “Яах уу” шар айраг. Анх гарч ирэхдээ маш хүчтэй зар сурталчилгаа явуулж байсан. Бүр “Яах уу хайрт минь яах уу…” гээд дуу хүртэл гарсан. Одоо энэ дуу зурагт, радиогоор явж байна уу? “Яах уу” шар айраг дэлгүүр, баарны лангуун дээр байна уу? Хэдий их хүчтэй зар сурталчилгаа хийж байсан ч тэр нь хүмүүсийн ухамсарт хүрээгүй. Үүнээс болж энэ брэнд навс унасан. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр 1990 оноос өмнө манайд пи ар маш хүчтэй байсан байна. Харин үүнээс хойш зар сурталчилгааны хар шуурга ирж, одоо уналтад ороод байгаа юм.
-Пи арын сэргэн мандалт нь улс төртэй салшгүй холбоотой болов уу гэж бодогддог. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гэхэд бие бие рүүгээ дайрсан, гүтгэсэн хар пи ар их хийгдэх боллоо. Нэр дэвшигчид ч тэр, нам ч тэр ялгаагүй?
-Пи ар гэдэг юмыг улс төрийн сурталчилгаа, хөтөлбөр зэрэгт маш ихээр хэрэглэдэг болчихсон. Пи арын талаар нэгдсэн онолын шинж чанартай сайн номыг манайхан туурвиагүй, орчуулаагүй байна. Сая сонгуулиар пи арын чиглэлийн олон ном гарсан. Хэрэгтэй ч ном байна, хэрэггүй ч бас байна. Манайхан пи арын чиглэлээр маш энгийн бөгөөд дулимаг ойлголттой байдаг. Өөрийнх нь тухай жаахан тааруухан мэдээ гарчихаар битгий хар пи ар хэрэглээд бай гэдэг ч юм уу, эсвэл алдартай хүнээр магтуулсан, Дагвадорж аваргатай зургаа авахуулахаар цагаан пи ар гэж ойлгодог. Энэ “Зар сурталчилгааны уналт ба пи ар-ын сэргэн мандалт” гэсэн ном маань пи арын талаар нэлээд тодорхой онолын ойлголтыг өгөх байх. Саяны сонгуулиар намуудын хийж байсан сурталчилгаа байна. Муу, дутуу болсон сурталчилгаа олон байсан. АН-ынхан гэхэд автобустай суртал¬чилгаа хийсэн нь ихээхэн амжилт оллоо гэж ярьдаг. Гэхдээ би оронд нь байсан бол эвдрээд зогсож байсан автобусыг чирээд явах байсан. Монголчууд хэзээ нэгнийгээ хаячихаад явж байсан юм. Яахав орхиод явсан нь цаанаа тодорхой зорилготой л байсан биз. Энэ талаараа бол тэр сурталчилгаа дутуу болсон. Хэрвээ зогсож байсан автобусыг чирээд явсан бол үнэхээр сак болох байсан юм.
-Пи ар, зар сурталчилгаа хоёр ямар ялгаатай вэ?
-Номондоо орсон ганцхан жишээгээр тайлбарлая. Пи ар бол нар, зар сурталчилгаа бол салхи юм гэсэн нэг зүйрлэл байдаг. Эрт үед нар, салх хоёр маргалдаж. Мэдээж маргалдаж байгаа талуудад ялагч байдаггүй. Хэн нь хүчтэйгээ үзэхээр болж л дээ. Тэгээд замаар явж байсан хүний хувцасыг тайлж чадсан нь ялагч болоё гэж тохирсон байгаа юм. Салхи хүний хувцасыг нь тайлахын тулд их хүчтэй үлээж, шуураад л байж. Нөгөө хүн юун хувцасаа тайлах, улам биеэ чангалаад эвхрэл¬дээд унасан. Салхи ч чадахгүй нь гээд больж. Тэгээд нар их удаанаар ээж эхэлсэн байгаа юм. Нөгөө хүн дулаацаад хувцасаа нимгэлж. Улам халууцаад байхаар нь хувцасаа тайлж эхэлсэн байна. Ингээд нар ялсан хэрэг. Пи ар, зар сурталчилгаа хоёр ийм л ялгаатай. Зар сурталчилгаа хүчээр, магадгүй бүдүүлгээр хүний ухамсар руу дайрдаг. Үүнээс нь хүмүүс залхаж, зугтаадаг. Харин пи ар зугуухнаар мэдээлэл өгөх, ухамсарт нь хөнгөхөн хэрнээ далайцтай нөлөөлж чаддаг. Анх Кука курортная гарч ирж байхад сурталчилгаа хийгээгүй. Ганцхан эмч л Кукакийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Кука бол ингэж хорыг тайлдаг, ийм ийм эерэг зүйлийг хүний биед өгч байдаг гээд. Хүмүүс түүнийг нь ам ам дамжуулан ярьсаар одоо Кука эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан. Тэгэхээр 21 дүгээр зуунд, шинэ бизнесийн орчинд бол бүтээгдэхүүнийг амжилтад хүргэхэд пи ар эхэнд нь явах ёстой. Зар суртал¬чилгаа нь нөхөн сэргээх маягаар дагаж явдаг. Өөрөөр хэлбэл Кока колаг дэлхийн шилдэг брэнд гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ зар суртал¬чилгаагаар түүнийг үе үе хүмүүст сэргээн сануулж байх ёстой юм. Энэ ч үүднээс зар сурталчилгаа унаж, пи ар сэргэн мандаж байгаа гэж хэлж болно. Тиймээс борлуулалт, сурталчилгаа хариуцан ажиллаж байгаа манай залуу маркетрууд пи арыг бүрэн хэрэглээсэй, өчнөөн хөрөнгө мөнгө зарчихаад ашиг олж чадахгүй, алдагдалд орж байгаа бол энэ номыг авч уншаасай гэж хэлмээр байна. Амьдралдаа, бизнестээ хэрэглээсэй гэж бодож байна.
-Энэ танай “Х номын сан” клубын хэд дэх ном бэ? Дараагийн ном ямар ном байна? Мөн нь манай буланд орж байсан “Хэлэлцээр хийх урлаг” ном хэр амжилттай байгаа вэ?
-Манай клубын дөрөв дэх ном. Орчуулагч нь З.Манлайбаатар гэдэг залуу байгаа. Одоо бид нар шинэ номон дээр ажиллаж байна. Дэлхийн хамгийн баян хүн Уорен Баффетын тухай юм. Яагаад компаниудыг худалдаж авдаг юм бэ? Хөрөнгө оруулалтын талаарх үзэл бодол зэргийг тусгасан маш сонирхолтой ном байгаа. Уорен Баффет номныхоо эхний бүлэгт компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг бол гүйцэтгэх удирдлагын хувьд ч тэр, хувьцаа эзэмшигчдийн хувьд ч тэр ямар ч ашигтай зүйл болж чаддаггүй дурдсан байна. Мөн “Та зүгээр нэг компанийн ганцхан ширхэг хувьцааг л авчих. Тэгээд хувьцаа эзэмшигчдийн хурал дээр дэлхийг хэрхэн байлдан дагуулах төлөвлөгөөгөө танилцуулахад л хангалттай” гэж тэрбээр хэлсэн байсан. Энэ талаар өгүүлсэн үнэхээр сонирхолтой номыг орчуулж байгаа. “Хэлэлцээр хийх урлаг” маань их сайн борлогдсон. Гурван сарын турш “Интер ном” дэлгүүрийн бестселлерийн эхний гурван байраас буугаагүй. Саяхан дахин хэвлэгдээд номын дэлгүүрүүдээр тараагдсан.
-Танд баярлалаа.
Ярилцсан С.БОЛД-ЭРДЭНЭ
Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар таймс
Thursday, September 11, 2008
Ц.НАРАНБАТ: АЛДАГДАЛД ОРООД БАЙГАА МАРКЕТРУУД ЭНЭ НОМЫГ УНШААРАЙ
Posted by TomDarga at 4:39 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment