Saturday, February 23, 2008

Ц.Наранбат: Олон сая доллараар үнэлэгдсэн хэлэлцээр хийх урлагийг энэ номоос сурч болно

“Интерном” номын их дэлгүүртэй хамтран хөтөлдөг номын хит булангийнхаа энэ удаагийн дугаараар шинээр худалдаанд гарсан нэгэн номын орчуулагчтай уншигч авхай таныг уулзуулъя. Батнууд овогт Цэдэнбалжирын Наранбат хэмээх энэ залуу үл хөдлөх хөрөнгийн наймаагаар дэлхийд гайхагддаг Дональд Трампын баруун гар Жорж Россын “Хэлэлцээр хийх урлаг” номыг эх хэлнээ хөрвүүлэн таньд барьж байна. Амжилтанд хүрэхийн төлөө зорьж буй залуустаа зориулсан хэмээн орчуулагч бүтээлээ онцолсон юм. 

-“Хэлэлцээр хийх урлаг” гэдэг ном орчуулжээ. Хоёулаа яриагаа номны талаар биш хэлэлцээр гэдэг гэж юу юм бэ гэдэг талаар эхлэх үү?

-Мэдээж “Хэлэлцээр хийх урлаг” гэдэг номыг ярихаас өмнө хэлэлцээрийн талаар ярих нь зөв. Гэхдээ хэлэлцээрийн талаар ярихаас өмнө хэлэлцээрийг хэн хийдэг юм бэ гэдгийг ярих нь зүйтэй. Хэлэлцээрийг хүрэн зандан ширээний ард нас бие гүйцсэн хүмүүс хийдэг гэж ихэнх хүмүүс ойлгодог. Энэ бол буруу. Хэлэлцээрийг дөнгөж төрсөн хүүхдээс авахуулаад хүн бүр хийдэг. Яагаад дөнгөж төрсөн хүүхэд хүртэл хэлэлцээр хийдэг юм бэ? Номонд орсон жишээнээс иш татъя. 

Хүн хорвоод мэндлээд хамгийн эхэлж эхтэйгээ хэлэлцээр хийдэг байна. Тэр юу вэ гэхээр дөнгөж төрсөн хүүхэд эхийнхээ уургийг амладаг. Нярай хүүхэд ээжээ би мөөмөө хөхье гэж хэлж чдахгүй. Нярай хүүхэд хэлэх нь битгий хэл хараа нь тогтоогүй байдаг шүү дээ. Тиймээс нярай хүүхдийн хэлэлцээр хийх хамгийн зөв бөгөөд ганц арга бол уйлах юм. Энэ бол хүний амьдралдаа хийх олон хэлэлцээрийн эхний алхам бөгөөд энэ нь дандаа амжилттай эхэлдэг. Үүнээс хойш хэлэлцээрүүд хөвөрдөг гэж болно. Тухайлбал, гурван настай хүүхэд дэлгүүрт аав, ээжтэйгээ явж байгаад тоглоом авъя гэдэг. Аав, ээж нь түүнийг нь анзаараагүй, аль эсвэл авч өгөхийг хүсэхгүй байж болно. Хүүхэд энэ үед яах вэ гэхээр уйлж, зарим нь бүр тийчилж, чарладаг. Ингэхлээр зарим эцэг, эхчүүд тоглоомыг нь аваад өгдөг. Энэ үед хүүхэд ингээд уйлаад, чарлах юм бол аав, ээж хоёроор юм авахуулж болох юм байна, ингэх нь их боломжийн арга юм байна гэж ойлгодог. Харин зарим эцэг, эхчүүд уйлсан хүүхдээ тоолгүй тоглоомыг нь авч өгдөггүй. Энэ үед хүүхэд уйлах нь буруу юм байна гэж ойлгоод дараагийн арга руугаа шилждэг. Тэр нь юу вэ гэхээр ээж, аавынхаа гарыг нь атгах, үнсэх, хайртай шүү зэргээр аргадаж байгаад тоглоомоо авахуулдаг. Энэ үед хүүхэд уйлж, чарлах нь тийм ч зөв арга биш юм байна. Өөр аргаар хүссэн юм аа авч болдог юм байна гэж ойлгодог. Иймэрхүү байдлаар хүн насан туршдаа хэлэлцээр хийж байдаг. 

Хэлэлцээр хийхэд ямар нэгэн дүрэм байдаг юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Дүрэм байлгүй яахав дээ гэж бодож магадгүй. Тэгвэл хэлэлцээр хийхэд ямар ч дүрэм, дэг жаяг байдаггүй. Хэлэлцээр хийгч юу хүссэнээ ярьж, хийж болно. Гэхдээ ямар нэгэн бүдүүлэг авир гаргаж болохгүй. Тэгвэл ямар хэлэлцээрийг амжилттай хэлэлцээр болсон гэж үздэг юм бэ? Хоёр тал буулт хийж, харилцан ашигтайгаар шийдвэрлэж чадсан хэлэлцээрийг үр дүнтэй жинхэнэ хэлэлцээр боллоо гэж үздэг байна. Тэрнээс биш нэг талынх нь шаардсан зүйлийг нөгөө тал нь үг дуугүй зөвшөөрснийг хэлэлцээр гэдэггүй.

-Тэгэхээр энэ номын зохиогчийн талаар манай уншигчдад танилцуулаач? 

-Энэ номын зохиогч нь Жорж Росс гэдэг хүн бий. Дональд Трампын баруун гар, “Tramp Organization” –ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Д.Трамп бол үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч, хэнийг ч өмнөө сөхрүүлж чаддаг, маш гайшхамшигтай сэтгэдэг, өргөн цар хүрээтэй ажиллаж чаддаг хүн. Жорж Россын тухай Д.Трамп номын өмнөх үгэнд тодорхой бичсэн байдаг. Нью Йорк хотын эдийн засаг дампуурч байхад хотын томоохон байгууламжийн нэгэнд хөрөнгө оруулалт 27 насандаа амьдралынхаа хамгийн хүнд хэлэлцээрийг хийжээ. Өөрөөр хэлбэл хүн амьтан нь дайжиж байгаа Хонгор суманд том барилга барина гэдэгтэй адилхан. Хоёр жил үргэлжилсэн хэлэцээрийн эцэст Д.Трамп зорьсондоо хүрч, дампуурч байгаа Нью Йоркт том зочид буудлыг байгуулж чадсан. Ж.Россын номонд зориулсан өмнөх үгэнд “Би далайцтай сэтгэж, өргөн цар хүрээтэй ажиллахыг хүсдэг. Гэхдээ амжилтанд хүрэхэд энэ нь хангалтгүй юм байна гэдгийг тэр хоёр жилд мэдэрсэн юм. Чиний гайхалтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнийг хөрсөн дээр буулгахад зайлшгүй шилдэг зөвлөх, сайн туслах хэрэг болдог юм байна лээ. Надад тусалж байдаг тэр хэлэлцээр хийх авъяас, чадварын төлөө би олон 10 сая ам.доллар зарцуулдаг. Харин та энэ номыг уншснаар миний ашигласныхаа төлөө их мөнгө төлдөг тэрхүү цорын ганц хэлэлцээр хийх чадварыг эзэмших болно” хэмээсэн байдаг. Энэ бол Ж.Россын тухай хамгийн товчхон, оновчтой тододорхойлолт юм. 

-Таньд энэ номыг орчуулах санаа хэзээ төрсөн бэ?

-Энэ их сонирхолтой л доо. 2007 оны хавар би өөрийнхөө хийж байсан хэлэлцээрүүд дундаас томд тооцогдох нэгэн хэлэлцээрийг хийсэн. Хэдий амжилттай болсон ч туршлагагүйгээсээ болоод санаанд хүрсэн хэлэлцээрийг хийж чадаагүй юм. Үүний дараа би ямар ч байсан хэлэлцээр хийж сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Гэтэл манайд энэ талаар сургалт, семинар, ном товхимол ганц ч байгаагүй. Тэгээд Америк явсан номын ахдаа хэлэлцээр хийх талаар ном олж өгөхийг захисан, ах маань энэ номыг онолын нэг номтой авчирч өгсөн юм. Би онолынх нь номыг түлхээд Трампын номыг судалж эхэлсэн. Үүний дүнд би ч ахиж, төвшин маань ч эрс дээшилсэн. Тэгээд дараагаар нь яагаад энэ номыг заавал Америк руу захиж, ганц хоёрхон хүн унших ёстой юм. Монголд ажил хэргийн төлөө хичээж зүтгэж байгаа, алдаж, онож яваа олон залуус байна. Энэ олон залуус маань хэлэлцээр хийж сурах ёстой. Тэд энэ номыг уншиж өөрийгөө хөгжүүлэхэд нэг ч гэсэн дуслыг нэмээсэй гэж бодсоны үндсэн дээр энэ номоо орчуулсан даа. 

-Энэ ном таньд бодитоор нөлөөлсөн тохиолдол байна уу? Ганц жишээ дурьдаач? 

-Өнгөрсөн оны 10 дугаар сараас би шинэ ажил эхлээд явж байна. Энэ хугацаанд 30 орчим хэлэлцээрт оролцсон байна. Тэндээс яалт ч үгүй алдсан хэлэлцээр нэг, үгүй гэсэн хариу сонссон нь хоёр байна. Гэхдээ би үгүй гэсэн хариулт сонсоод бууж өгөөгүй байгаа. Удахгүй дээ, цагаан сараас өмнө энэ хоёртойгоо дахин хэлэцээрийн ширээнд сууж, амжилттай дуусгана гэдэгт итгэлтэй байна. Харин яалт ч үгүй алдсан гээд байгаа хэлэлцээрээ гурван сарын дараа дахин сэргээх болно. Ер нь энэ талаар урьд анализ хийж үзээгүй байсан юм байна. Тэгээд одоо бодох нь ээ миний хувьд ахиж дэвшсэн зүйл их байгаа юм байна шүү 

-Манай бизнес эрхлэгчид хэлэлцээрийг хэр сайн хийдэг бол? Д.Трамп, Ж.Росс нартай харьцуулаад үзвэл ямар вэ? 

-Бид Монголын бизнесмэнүүдийг чамлаж болохгүй юм аа. Тэд өөрсдийнхөө хэмжээнд таарсан хэлэлцээрийг л хийж байгаа. “МСS” холдингийн захирал Оджаргалын хийдэг хэлэлцээрийн хажууд миний хийж байгаа хэлэлцээр жижигхэн зүйл. 30 орчим хэлэлцээр хийлээ л гэж байна. Тэднийг нийлүүлээд Оджаргал захиралын хийж байгаа нэг хэлэлцээрт хүрэх үү, үгүй юу. Нөгөө төлөөр манай авъяслаг бизнесмэнүүдийг жижигхэн гэж хэлж болохгүй. Би “Номин”-гийн Шагдарсүрэн ерөнхийлөгчийг мэднэ. Түүний хүү Ш.Баярсайхан захирлыг мэднэ. Оджаргал захирлыг мэднэ. Энэ хүмүүсийн хэлэлцээр хийж байхыг харсан, хажууд нь байсан, хэлэлцээрийн ширээний ард сууж байсан. Тэд үнэхээр гайхалтай хэлэлцээрүүдийг хийдэг. Харин Д.Трамп, Ж.Росс нартай харьцуулахад тэдний сэлж буй аквариум том, харин манайхны аквариум жижиг л байна. Дональд Трампаас хүчтэй хэлэлцээр хийдэг хүн Монголд байгаа. Дэлхийн хүмүүсийн оюуны чадамжаар нь жагсаахад монгол хүн эхний 10-т орж байсан. Энэ биднийг муу гэж биш гэдгийг нотолж байгаа хэрэг биш үү? 

-Хэлэлцээр хийж байгаа хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ?

-Нятрашгүй, шантрашгүй, цуцашгүй л байх ёстой. 

-За таньд маш их баярлалаа. Эцэст нь манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ? 

-Энэ ном бол гайхалтай ном. Ихийг хийж бүтээхийг хүссэн маш олон залуусын ажил, амьдрал, бизнест хандах хандлагыг өөрчилж, тэдний амжилтанд түлхэц болж чадах ном шүү. Та бүхэнд амжилт хүсье. 

Ярилцсан С.БОЛД-ЭРДЭНЭ