Friday, September 19, 2008

Одоогоос найман жилийн өмнө Англи хэл дээрх КамаСутра номыг олж аван их баярлан уншиж байснаа санаж байна, мөн анхны ном болох "СЕО хэрхэн болох вэ" номоо гаргаад, Интер номын их дэлгүүрийн бестселлерийн жагсаалтын 3-д орход нь урамшаад КамаСутраг эх хэл дээрээ гаргах гэсэн бодол төрсөнөөс хойш өдийг хүртэл оролдсоор арай гэж ард нь гарлаа.

Энэ номыг хүн болгон мэддэг боловч доторх агуулга, зорилгыг нь мэддэггүй болхоор садар самууныг сурталчилсан мэтээр ойлгож андуу ташаа бодолтой явдаг нь уг номыг гаргахаар ажиллаж байх үед их анзаарагдаж байлаа.

Энэ ном нь христыг мэндлэхээс 4 зууны өмнө Энэтхэгт гарсан гэсэн баримт байдаг. Номын гол зорилго нь хосуудад хэрхэн биесээ хайрлан энхрийлж, таашаалтайгаар хурьцах арга барилыг олгоход оршдог. Хүн бүр эрдэм сурахын тулд цагаан толгой үздэг шиг бат бөх гэр бүлийг бий болгохын тулд хүн бүр сексийн цагаан толгой буюу КамаСутраг унших ёстой гэж би боддог.

Энэ номыг "Х Номын Сан" Клубээс орчуулан гаргасан маань Монгол улсад нүүрлээд байгаа аюул болох гэр бүл салалтыг өчүүхэн гэсэн бууруулах болвуу гэж найдаж байна.

Та бүхэн уг номыг худалдан авахдаа битгий ичээрэй, энэ бол ичих зүйл огтхон ч биш бөгөөд харин ухаантай гэдгээ харуулж байгаа хэрэг юм шүү. Ичээд бүүр болохгүй бол xbooks@chinggis.com -руу захиа бичээд авч болно би бас болж өгвөл банжиг болон оллоо-гоор заруулхыг бодноо.

 

Thursday, September 11, 2008

Ц.НАРАНБАТ: АЛДАГДАЛД ОРООД БАЙГАА МАРКЕТРУУД ЭНЭ НОМЫГ УНШААРАЙ

Улаанбаатар таймс сонинд өгсөн ярилцлагаа орууллаа

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран хөтөлдөг “Номын хит” булангийнхаа энэ удаагийн дугаарт зар сурталчилгаа, пи арын талаарх нэгэн сонирхолтой номыг танилцуулж байна. Энэ номыг “Х Номын сан” клубээс орчуулан гаргажээ. Энэ клубээс орчуулан уншигчиддаа хүргэж байсан “Хэлэлцээр хийх урлаг” ном манай булангаар орж байсныг уншигч авхай санаж байгаа бизээ. Ингээд тус номын орчуулгын зөвлөхөөр ажилласан Ц.Наранбаттай уншигч таныг уулзуулъя.

-Юуны түрүүнд та номныхоо талаар танилцуулахгүй юу?
-Энэ номыг “Брэндийн хөдөлшгүй 22 зарчим” хэмээх алдарт номыг бичсэн Эль Райс, Лора Райс нар бичсэн юм. Зар сурталчилгааны уналт ба пи арын сэргэн мандалт гээд сонсохоор зарим талаар эгдүүтэй санагдах байх. Яагаад эгдүүтэй гэхээр маш олон менежер, маркетер, компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд зар сурталчилгаанд хамгийн их хөрөнгө зарцуулж байна. Гэтэл тэр асар их хүч, мөнгө зарцуулж байгаа салбар нь унаад байна гэхээр гайхаж, эгдүүцэх нь аргагүй биз. Яагаад зар сурталчилгаа унаад байна гэдгийг эдийн засгийн суурь ойлголт, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн үүднээс товчхон тайлбарлахад нэгдүгээрт, зар сурталчилгаа хэтэрхий их болчихсон. Манайхан ярьдаг шүү дээ, кинон дундуур реклам гараад байна уу, рекламан дундуур кино гараад байна уу гэж. Хоёрдугаарт, FM сонсдог маш олон оюутан залуус байна. Машиндаа ч тэр, гэртээ ч тэр FM их сонсдог болсон. Гэтэл зарим үед FM сонсохоос залхуу хүрдэг. Дундуур нь элдэв хачин дуу авиагаар реклам уншдаг. Ингээд зурагт асаасан ч зар сурталчилгаа,FM сонссон ч зар сурталчилгаа байдаг. Зарим судалгаанаас үзэхэд Монголын томоохон гэгддэг сонин сэтгүүлийн 70 хувь нь зар сурталчилгаа, дөнгөж 30 хувь нь уншигчдад хэрэгтэй мэдээ мэдээлэл, нийтлэл байдаг. Тэгвэл зурагт үзэхгүй, FM сонсохгүй, сонин уншихгүй зүгээр л гудамжаар явъя. Дүүрэн сурталчилгааны эрээн мяраан самбарууд. За үүнийг болъё гэхэд автобус, машин, тэр бүү хэл ариун цэврийн өрөөний хаалган дээр хүртэл сурталчилгааныхаа хуудас наачихсан. Ингээд үзэхээр бидний эргэн тойронд дүүрэн зар сурталчилгаа байна. Өөрөөр хэлбэл зар сурталчилгааны нийлүүлэлт хангалттай байгаа гэсэн үг. Бүтээгдэхүүний нийлүүлэлт ихдэхээр үнэгүйдэж, хэрэггүй болдог. Хамгийн энгийн жишээ бол саяны сонгууль. Хаалга тогшингуут өмнөөс нь сурталчилгааны сонин, хуудас авахгүй шүү гэж хэлж байна. Зар сурталчилгаа анх гарч ирж байхдаа их хүчтэй байсан. Анх “Даламал” компани люкс саван, липтон цай гээд цөөхөн хэдэн бүтээгдэхүүний сурталчилгааг үндэсний телевизийн нэвтрүүлгүүдийн завсраар цацдаг байлаа. Тэр үед маш сонирхолтой, хүн болгон энэ люкс саванг авч үзэх юмсан гэдэг байсан. Би гэхэд липтон цайны сурталчилгааны дууг цээжилчихсэн, дагаад дуулж явлаа. Энэ үед зар сурталчилгаа их үр дүнтэй байсан. Одоо бол дэлхийд ч тэр, манайд ч тэр зар сурталчилгаа унаж байна.Тэгвэл пи ар яагаад сэргэн мандаад байгаа юм? Зар сурталчилгааг гарахаас өмнө пи ар их хөгжчихсөн байсан. Намайг жаахан байхад Их дэлгүүрт оймсон түрийтэй гутал ирчихсэн байгаа гэнэ, тэдний өдрийн тэдэн цагт худалдаанд гарна гээд л амаас ам дамжин яригдана. Ээж аавдаа хэлэхэд аав маань их дэлгүүр нээгдэхээс өмнө дугаарлаж байгаад булаацалдаж авч байсан. Гэтэл даавуун дээр манай дэлгүүрт шинэ гутал ирлээ гэж бичээд өлгөчихсөн байхад тэр болгон хүн тоодоггүй байсан шүү дээ.

-Хамгийн хүчтэй пи ар болон хүчгүй зар сурталчилгааны жишээ?
-Манайд хамгийн хүчтэй хэрэгжсэн хөтөлбөр бол архины хөтөлбөр байсан. Өрх бүрт сард хоёр шил архины норм тогтоож өгсөн. Ингэснээрээ архи ховор нандин бараа, нэр хүндтэй бэлэг болж хувирсан. Төрийн энэ пи арын тусламжтайгаар архи ихээр бор¬логддог болсон. Нөгөө талаараа энэ үеэс Монголчууд архинд орсон, живсэн. Энэ бол хэдийгээр хар ч гэсэн аймар хүчтэй пи ар болсон. Одоо архийг сурталчлахыг хориглосон ч гэсэн хамгийн их борлууллагддаг бүтээгдэхүүн шүү дээ. Зар сурталчилгаагаар маш амжилттай унасан брэндийн түүх бол “Яах уу” шар айраг. Анх гарч ирэхдээ маш хүчтэй зар сурталчилгаа явуулж байсан. Бүр “Яах уу хайрт минь яах уу…” гээд дуу хүртэл гарсан. Одоо энэ дуу зурагт, радиогоор явж байна уу? “Яах уу” шар айраг дэлгүүр, баарны лангуун дээр байна уу? Хэдий их хүчтэй зар сурталчилгаа хийж байсан ч тэр нь хүмүүсийн ухамсарт хүрээгүй. Үүнээс болж энэ брэнд навс унасан. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр 1990 оноос өмнө манайд пи ар маш хүчтэй байсан байна. Харин үүнээс хойш зар сурталчилгааны хар шуурга ирж, одоо уналтад ороод байгаа юм.

-Пи арын сэргэн мандалт нь улс төртэй салшгүй холбоотой болов уу гэж бодогддог. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гэхэд бие бие рүүгээ дайрсан, гүтгэсэн хар пи ар их хийгдэх боллоо. Нэр дэвшигчид ч тэр, нам ч тэр ялгаагүй?
-Пи ар гэдэг юмыг улс төрийн сурталчилгаа, хөтөлбөр зэрэгт маш ихээр хэрэглэдэг болчихсон. Пи арын талаар нэгдсэн онолын шинж чанартай сайн номыг манайхан туурвиагүй, орчуулаагүй байна. Сая сонгуулиар пи арын чиглэлийн олон ном гарсан. Хэрэгтэй ч ном байна, хэрэггүй ч бас байна. Манайхан пи арын чиглэлээр маш энгийн бөгөөд дулимаг ойлголттой байдаг. Өөрийнх нь тухай жаахан тааруухан мэдээ гарчихаар битгий хар пи ар хэрэглээд бай гэдэг ч юм уу, эсвэл алдартай хүнээр магтуулсан, Дагвадорж аваргатай зургаа авахуулахаар цагаан пи ар гэж ойлгодог. Энэ “Зар сурталчилгааны уналт ба пи ар-ын сэргэн мандалт” гэсэн ном маань пи арын талаар нэлээд тодорхой онолын ойлголтыг өгөх байх. Саяны сонгуулиар намуудын хийж байсан сурталчилгаа байна. Муу, дутуу болсон сурталчилгаа олон байсан. АН-ынхан гэхэд автобустай суртал¬чилгаа хийсэн нь ихээхэн амжилт оллоо гэж ярьдаг. Гэхдээ би оронд нь байсан бол эвдрээд зогсож байсан автобусыг чирээд явах байсан. Монголчууд хэзээ нэгнийгээ хаячихаад явж байсан юм. Яахав орхиод явсан нь цаанаа тодорхой зорилготой л байсан биз. Энэ талаараа бол тэр сурталчилгаа дутуу болсон. Хэрвээ зогсож байсан автобусыг чирээд явсан бол үнэхээр сак болох байсан юм.

-Пи ар, зар сурталчилгаа хоёр ямар ялгаатай вэ?
-Номондоо орсон ганцхан жишээгээр тайлбарлая. Пи ар бол нар, зар сурталчилгаа бол салхи юм гэсэн нэг зүйрлэл байдаг. Эрт үед нар, салх хоёр маргалдаж. Мэдээж маргалдаж байгаа талуудад ялагч байдаггүй. Хэн нь хүчтэйгээ үзэхээр болж л дээ. Тэгээд замаар явж байсан хүний хувцасыг тайлж чадсан нь ялагч болоё гэж тохирсон байгаа юм. Салхи хүний хувцасыг нь тайлахын тулд их хүчтэй үлээж, шуураад л байж. Нөгөө хүн юун хувцасаа тайлах, улам биеэ чангалаад эвхрэл¬дээд унасан. Салхи ч чадахгүй нь гээд больж. Тэгээд нар их удаанаар ээж эхэлсэн байгаа юм. Нөгөө хүн дулаацаад хувцасаа нимгэлж. Улам халууцаад байхаар нь хувцасаа тайлж эхэлсэн байна. Ингээд нар ялсан хэрэг. Пи ар, зар сурталчилгаа хоёр ийм л ялгаатай. Зар сурталчилгаа хүчээр, магадгүй бүдүүлгээр хүний ухамсар руу дайрдаг. Үүнээс нь хүмүүс залхаж, зугтаадаг. Харин пи ар зугуухнаар мэдээлэл өгөх, ухамсарт нь хөнгөхөн хэрнээ далайцтай нөлөөлж чаддаг. Анх Кука курортная гарч ирж байхад сурталчилгаа хийгээгүй. Ганцхан эмч л Кукакийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Кука бол ингэж хорыг тайлдаг, ийм ийм эерэг зүйлийг хүний биед өгч байдаг гээд. Хүмүүс түүнийг нь ам ам дамжуулан ярьсаар одоо Кука эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан. Тэгэхээр 21 дүгээр зуунд, шинэ бизнесийн орчинд бол бүтээгдэхүүнийг амжилтад хүргэхэд пи ар эхэнд нь явах ёстой. Зар суртал¬чилгаа нь нөхөн сэргээх маягаар дагаж явдаг. Өөрөөр хэлбэл Кока колаг дэлхийн шилдэг брэнд гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ зар суртал¬чилгаагаар түүнийг үе үе хүмүүст сэргээн сануулж байх ёстой юм. Энэ ч үүднээс зар сурталчилгаа унаж, пи ар сэргэн мандаж байгаа гэж хэлж болно. Тиймээс борлуулалт, сурталчилгаа хариуцан ажиллаж байгаа манай залуу маркетрууд пи арыг бүрэн хэрэглээсэй, өчнөөн хөрөнгө мөнгө зарчихаад ашиг олж чадахгүй, алдагдалд орж байгаа бол энэ номыг авч уншаасай гэж хэлмээр байна. Амьдралдаа, бизнестээ хэрэглээсэй гэж бодож байна.

-Энэ танай “Х номын сан” клубын хэд дэх ном бэ? Дараагийн ном ямар ном байна? Мөн нь манай буланд орж байсан “Хэлэлцээр хийх урлаг” ном хэр амжилттай байгаа вэ?
-Манай клубын дөрөв дэх ном. Орчуулагч нь З.Манлайбаатар гэдэг залуу байгаа. Одоо бид нар шинэ номон дээр ажиллаж байна. Дэлхийн хамгийн баян хүн Уорен Баффетын тухай юм. Яагаад компаниудыг худалдаж авдаг юм бэ? Хөрөнгө оруулалтын талаарх үзэл бодол зэргийг тусгасан маш сонирхолтой ном байгаа. Уорен Баффет номныхоо эхний бүлэгт компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг бол гүйцэтгэх удирдлагын хувьд ч тэр, хувьцаа эзэмшигчдийн хувьд ч тэр ямар ч ашигтай зүйл болж чаддаггүй дурдсан байна. Мөн “Та зүгээр нэг компанийн ганцхан ширхэг хувьцааг л авчих. Тэгээд хувьцаа эзэмшигчдийн хурал дээр дэлхийг хэрхэн байлдан дагуулах төлөвлөгөөгөө танилцуулахад л хангалттай” гэж тэрбээр хэлсэн байсан. Энэ талаар өгүүлсэн үнэхээр сонирхолтой номыг орчуулж байгаа. “Хэлэлцээр хийх урлаг” маань их сайн борлогдсон. Гурван сарын турш “Интер ном” дэлгүүрийн бестселлерийн эхний гурван байраас буугаагүй. Саяхан дахин хэвлэгдээд номын дэлгүүрүүдээр тараагдсан.

-Танд баярлалаа.
Ярилцсан С.БОЛД-ЭРДЭНЭ

Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар таймс

Wednesday, August 20, 2008

Кама Сутра

Удтал бодож, хүсч, хадгалж явсаны эцэст кама сутраг эх хэл дээрээ гаргах боломж нээгдлээ. Та бүхэнд оршил хэсгээс нь багааханыг толидуулхаар шийдлээ:

 

Кама сутра болон түүнтэй холбоотой бусад бүтээлүүд “Ананга Ранга”, “Анхилуун Цэцэрлэг”, “Тао” зэрэг нь хүмүүст санагддаг шиг сексийн зоримог бүтээл төдий биш юм. Эртний эдгээр бүтээлүүд болон XX зууны хүмүүсийн амьдралын хооронд уялдаа холбоо тасраагүй байгаа бөгөөд энэхүү холбоос нь хүмүүсийн мэдрэмж дээр төвлөрдөг холбоос юм. Хэдийгээр олон хүнтэй бэлгийн харьцаанд орох боломж бидэнд байдаг ч хайр, дулаан илчийг бид хүнд өгөхгүй бол Камагийн жинхэнэ бодит зорилгод хэзээ ч ойртож чадахгүй билээ. Камагийн үзэл баримтлал бол “сонсох, мэдрэх, харах, амтлах, үнэрлэх таван мэдрэхүйгээр дамжуулан хүний оюун ухааны дэмжлэг тусламжтайгаар зохист объектуудыг хүртэх таашаалыг” хамардаг. Үзэл баримтлалын хувьд Кама бүтээл нь Христийг мэндэлснээс өмнөх 400 оны орчим Энэтхэгчүүдэд холбоотой байсан шигээ өнөөдөр бидэнд ч холбоотой байгаа юм. Кама сутраг МЭӨ 100 – МЭӨ 400 оны хооронд Энэтхэгт бүтээгдсэн болов уу хэмээн судлаачид үзэж байна. Тэрхүү эрт дээр үед төгс иргэн хүн төгс амьдралыг бий болгохыг чармайж, ийм хүн өөрийгөө найз нөхдөөр хүрээлүүлж, сексийг жинхэнэ урлагийн бүтээл мэтээр үйлдэж, сайн хооллож, сайн ууж, уран зураг, хөгжим сонирхож, өөрийгөө эзэн ноён, мастер хэмээн үздэг байв. 
Кама сутраг эртний Энэтхэгийн язгууртнуудад зориулж, язгууртан хүн бичсэн гэдэг бөгөөд “Амьдрал бол Ватсаяана дарма, артха, камагаас бүрддэг” хэмээн үздэг байв. Дарма бол шашны бишрэм чанарыг эзэмшиж, артха нь эд баялгийг эзэмшиж, кама нь хайр дурлал болон мэдрэмжийн таашаалыг эзэмшсэн аж. Эдгээр тэмүүлэл нь өнөөгийн бидний амьдарч буй тэмүүллээс огт өөр биш билээ. Хэдийгээр бид шашны чиглэл рүү нь голлон анхаарахгүй байгаа ч бид өөрсдийгөө танин мэдэх, хөгжүүлэхийг голчлон зорьдог. Та бидний ихэнх нь тав тухтай, таашаалт амьдралыг бий болгоход хангалттай мөнгөтэй байхыг хүсч байна. Бас та бидний ихэнх нь хайр сэтгэлийн, сексийн цэнгэлийн холбоонд оролцохыг хүсдэг билээ. Гол ялгаа бол өнөөгийн ертөнц маань Ватсаяанагийн үеийнхээс хамаагүй илүү тэгш эрхтэй болсон билээ. Кама сутра бол бизнесмен хүнд зориулагдсан нэгэн төрлийн ном бөгөөд харин номын зорилго нь мөнгө бус, секс юм.

Tuesday, July 29, 2008

Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдээсэй...

Ганцхан сарын дараа хөдөө гадаанаас хөвөнтэй дээлээ эвхэж хураасан залуус эрдэм өвөрлөхөөр улсын нийслэлээ зорин ирнэ. Тэд ирээд хамгын түрүүнд юу хийх вэ гэхээр өх сургалтын төлбөр нэмэгдчихсэн байна, энийгээ буулга тэгэхгүй бол энэ сургуульд чинь сурж чадахгүй нь дургүй хүргээд байвал манай зарим нөхөд бүхэл бүтэн Ху намын байрыг шатааж болсон юм чинь энэ муу сургуулийг шатаах юу байдын шатаачий гээд дайрна, бас автобусны билет олигтой хэвлээгүй байна би одоо яааж хичээлдээ явхын билет олж өгөхгүй бол автобусыг нь шатаачий шүү гээд бөөн тэмцэл бухимдал болно. Энэ үеээр Оюутны холбооны хэсэг залуус гэнэт сэрээд зурагтаар жаал гарч од болно.

Төрийн толгойд байдаг сэргэлэн залуусаа та нарт нэг зөвлөгөө өгье. Би Галсаа ах шиг чи битгий хуц гэж зөвлөх гээгүй шүү.

Боловсролын хуулинд байдаг ... нь ашигын төлөө бус... байна гэдэг өгүүлбэрээ л Нямка ахад хэлдэгсэн үү ядагсанж алга болгочих.Тэгвэл Монгол залуу Монголдоо дэлхийн боловсрол эзэмших боломж нээгдэх гээд байна. Учир нь цэцэрлэгт хүүхэд явуулхад дундажаар 1000 -2000 доллар төлөөд болж байхад/энд аймаар үнэтэйг нь оруулсангүй/ тийм цэцэрлэгт боловсорчихсон нөхөр /дунд сургуулийг хаячихлаа зарим сургууль манай хүүхэд тийм дэлхийн олимпиадаас тэдэн алт аваад ирлээ гээд үе үе тв-р гараад байдаг/жилийн сая хүрэхгүй үнэтэй боловсрол эзэмшинэ гэж үү? Би яг 10 жилийн өмнө нэгэн нэртэй дээд сургуульд орж 450,000₮ төлж байсан тэр үедээ сүрхий өндөр санагдаж байлаа учир нь дундажаас 2 дахин төлбөртэй сургууль байсан юм. Тэр сургуульд би Монголын хамаг л шилдэг багш нараар хичээл заалгасан боломжийн чадвар ч эзэмшсэн. Тийм ч учираас манай ангид 109 хүүхэд орсоноос 42 нь төгсөж, ес нь хос диплом өвөрлөж байсан. Манай ангийнхан лав хэнээс айхгүйгээр ажилд орж байсан одоо хархад миний мэдхээр 10 боломжийн компаны захирал байна. Ойролцоогоор 25% аль сургуулийн хувьд боломжийн үзүүлэлт шүү. Нээрээ манай сургууль ашиг олж болохгүй болхоор нь арай ондоогоор үзэх гэж байгаа гэсэн шүү.

Эндээс дүгнэхэд ашиг олох эрхийг нь хасчихгүй бол Амеркид Доналд Трамп гэдэг нөхөр Трамп их сургуулиа байгуулчихаж болоод байхад Монголд MCS, Номин ч юмуу бүүр эсвэл Дүнжингарав их сургууль байгуулагдаад тэр нь Дэлхийн жишгийн боловсролыг Монголд олгож болохгүй гэж.

Гуйж байна та нар их дээд сургуулиудад ашиг олох боломжийг нь нээгээд өгчих... Тэгвэл бид намар болгон алиа марзан зүйл ТВ-гээр харахгүй дуртай солонгос сериалаа ч юм уу зар сурталчилгаагаа эсвэл тэр од тэрэнтэй тэгж гэнээ гэсэн мэдээгээ сэтгэл амар хараад суумаар байна.

Би Монгол хүний цэцэн цэлмэг ухаанд найддаг билээ.


Жич: үг үсгийн алдааг нь хэлтрүүлж ажаамуй 

Thursday, April 10, 2008

Намайг залхаасан зар сурталчилгаа

Анх 1994 онд Люкс савангын рекламыг үзээд энэ савангаар угааж үзэх юмсан гэсэн бодол төрж байж билээ, дараа нь Липтон цайны реклам тв-р гараад би бүр дууг нь цээжлээд дагаж дуулдаг байснаа санадаг юм. Энэ үеэс Монголчууд реклам гэдэг зүйлтэй танилцаж, түүнд дурлаж байж, харин түүнээс өмнө бол цул ПиАр-аар дагнадаг байсан байгаан, их дэлгүүрт тийм гутал ирсэн гэнэ, тэдэн кг яс тушаавал сумтай үзэг нэгийг авах эрх өгнө гэнэ, тэр дэлгүүрт шинэ 1-р мах ирсэн гэнэ, худалдаанд ийм ном гарсан байна, би үүнийг өмсөж үзлээ, Дорж Герман яваад ирсэн чинь эхнэртээ оймсон түрүүт аваад өгчихсөн байна, би яахаараа дандаа дотоодын эсвэл орос гутал өмсөж байх ёстой юм г.м ярианууд нь сонгодог хэлбэрийн ПиАр байсан бөгөөд энэ бүхэн нь хэрэглэгч худалдан авагчидад шууд нөлөөлөн тухайн бараа бүтээгдэхүүнийг шууд худалдан авахуулах сэдлийг төрүүлдэг байж. 

Миний бодлоор Монголд хэрэгжсэн хамгын том ПиАр бол архийг картанд оруулсан явдал юм. Энэ нь архи бол ховор сард ч билүү 14 хоногт ч билүү айл бүрт 1шил архи өгдөг болохоор токарчин Дорж архинд дуртай юм чинь нормын архиа аль хэдийн уучихсан байгаа иймд түүнд нэг шил архи өгөөд нөгөө юуг зоруулчий гэсэн бодол төрөн түүнийг хэрэглэж эхэлсэнээр Монгол дахь архины борлуулалт эрчимтэй өсч, архи шиг нэр хүндтэй бараа үгүй болсон билээ. 

Манай улсад зар сурталчилгаа гэдэг зүйл анхлан дэлгэрч байх үед нөгөө айхтар АНУ шануд нь реклам бол биш юм байна аа энэ нь бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх биш харин ч түүнд сөргөөр нөлөөлдөг ч байж болох нь гэдгийг олоод харчихсан түүнээс татгалзаад эхэлчихсэн байжээ. Харин бид одоо л энэ зар сурталчилгаа гэдэг зүйлээс залхаж бүр зарим нь рекламан дундуур кино үзээд байна уу? кинон дунд реклам үзээд байна уу? гэдэг асуулт тавих болж, зарим нэг судалгаанаас харахад сонин сэтгүүлийн 70% нь зар сурталчилгаа байдаг харин мэдээ нийтлэл нь 30%-г нь эзэлдэг гэсэн марзан дүгнэлт гарсан бөгөөд уншигчид 70%-д анхаарлаа хандуулж байна уу эсвэл 30%-д анхаарлаа хандуулж байна уу гэдгийг манай бизнесмэнүүд анхаарч харах шаардлагтай болсон санагдах юм.  

Зар сурталчилгаа маш ихээр цацагдах болсоноор хэрэглэгчидийг залхааж, зар сурталчилгааны өөрийнх нь нэр хүндийг унагааж, итэл үнэмшилгүй болгож бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг өсгөж чадахаа байсан нь интернэт би болсноор хүмүүс хоорондоо цахим захиа илгээж, онлайнаар харилцах болсоноор шуудан холбоо, факс, утсан харилцааны зардал буурч магадгүй тэд хэрэглээнээс гарч дээхь нь үед аав, ээж хөгжим сонсохын тулд бие биенээсээ гуйж солилцдог байсан пянз өнөө цагт ганц нэг хүн дурсгалтай юм хэмээн хадгалж хааяа гаргаж ирэн дурсамжаа сэргээн сонсдог шиг болох биз ээ. 

Иймд эрхэм шилдэг маркетерууд, зар сурталчилгаа үйлдвэрлэгчидэд хэлэх нэг үг байна - Та нар манай брэндийн авралын од нь бидний хийсэн гайхамшигтай зар сурталчилгаа гэж орилолдож байхын оронд "Зар сурталчилгааны уналт ба ПиАрын сэргэн мандалт" гэдэг номыг олж аван уншихыг зөвлөж байна.   

Friday, March 28, 2008

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ УНАЛТ БА ПИ АР-ын СЭРГЭН МАНДАЛ

"Х НОМЫН САН" Клубээс та бүхэнд барих гэж буй ээлжит ном

Гучин жилийн өмнө Сурталчилгааны Эрин Yе сэтгүүлд Эль Раис “Байршуулах Эриний Сүүлт Од” гэсэн цуврал өгүүлэл бичиж байсан билээ. Тэр өгүүллүүд гарсан даруйдаа л уншигчдын анхаарлыг татаж, маргаашнаас нь л байршуулах (positioning) гэсэн үг зар сурталчилгаа, маркетингийн хүмүүсийн амны уншлага болсон юм.

Хэрэв бид яг ийм өгүүллийг ийм сэтгүүлд өнөөдөр хэвлүүлэхээр бол гарчгийг нь “Олон Нийтийн Харилцааны Эриний Сүүлт од” гэж өгнө. Хаашаа ч харсан сурталчилгаанд чиглэсэн маркетингаас олон нийтийн харилцаанд чиглэсэн маркетинг руу эрс шилжилт хийж байна шүү дээ.
Та шинэ брэнд гаргалаа гэхэд үүнийгээ сурталчилгаагаар амилуулж чадахгүй. Яагаад гэвэл сурталчилгаа үнэмшил төрүүлэхгүй. Сурталчилгаа бол борлуулалтдаа санаа зовсон компанийн өөртөө тохируулсан дуу хоолой.
Та шинэ брэндийг зөвхөн олон нийтийн харилцаа буюу ПиАр-аар л хүмүүст хүргэж чадна. Yлгэрээ хөндлөнгийн этгээдээр, гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриулах нь ПиАр-ын зорилго.
ПиАр үнэмшил төрүүлдэг. Харин сурталчилгаа тийм биш. ПиАр эерэг сэтгэгдэл үлдээдэг. Харин зөв хандсан сурталчилгаа түүнийг нь давуу тал болгох боломжтой.
Ямар ч шинэ маркетингийн хөтөлбөр олон нийтэд танилцуулахаас эхэлнэ шүү, ПиАр-ын зорилгодоо хүрсний дараа л зар сурталчилгаа руу шилжээрэй гэж бид үйлчлүүлэгч нартаа зөвлөдөг. Сурталчилгааны соёлд автчихсан менежерүүдийн сэтгэхүйд энэ бол эрс хувьсгал л даа. Харин бусад хүнд энэ бол маркетингийн сэтгэлгээний ердийн л хувьсал.

ПиАр-ын Yргэлжлэл
Зар сурталчилгаа цаг хугацааны хувьд ч, сэдвийн хувьд ч ПиАр-ын араас явах ёстой. Яаж ч бодсон сурталчилгаа бол ПиАр-ын үргэлжлэл. ПиАр-ын хөтөлбөр хэрэгжсэний дараа л сурталчилгаа эхэлсэн нь дээр. Yүний адил сурталчигааны хөтөлбөрийн агуулга нь ч бас ПиАр-ын хөтөлбөрийн үлдээсэн сэтгэгдлийг л давтах хэрэгтэй.
Ямар нэг хөтөлбөрийн сурталчилгааны үе шат бол өнгөцхөн хийчихдэг зүйл биш. Сурталчилгааг зөвхөн хүчтэй брэндийн нэрийн өмнөөс, сурталчилгааны шаардлагыг хангаж чадах компани л хийх нь зүйтэй.
Сурталчилгааны хүмүүс заримдаа ПиАр-ын үүргийг хоёрдугаарт тавьж, ямар нэг хямралын үед юмуу эсвэл сурталчилгааны аяны хамгийн сүүлчийн үе шатанд л хэрэглэдэг. Yнэнээс хэн ч зугтаж чадахгүй.
Өнөөгийн ихэнх компаниудын хувьд ПиАр-ыг сурталчилгааны дараа ч болсон авч үзэж байгаа нь их юм. ПиАр, сурталчилгаа хоёрын үүргийг олон зүйл дээр сольдог. ПиАр жолооны ард суугаад, маркетингийн хөтөлбөрийг залж чиглүүлж байх ёстой. Ийм ч учраас энэхүү номоо бид “Сурталчилгааны Уналт ба ПиАр-ын Сэргэн Мандал” гэж нэрлэсэн юм.

Сурталчилгаа Таалал Төгслөө. ПиАр Урт Наслаг!
Ийм их сурталчилгаа байхад яагаад түүнийг таалал төгслөө гэж хэлж байгаа юм бэ? Эргэн тойрон дүүрэн л зар сурталчилгаа байна шүү дээ.
Энэ яг л уран зурагтай адил. Уран зураг өнөөдөр урьд өмнөхөөс илүү өргөн дэлгэрсэн хэрнээ үхмэл байна. Уран зургийн тухайд “үхэл” нь тухайн зургийн өөрийнх нь үхэл биш, харин бодит байдлыг илэрхийлэх үүргийнх нь үхэл юм.
Луи-Жак-Манде Дагуэрийн зохион бүтээлт гарснаас хойшхи үеийг “Уран зургийн төгсгөл, гэрэл зургийн сэргэн мандал” гэж нэрлэдэг. Яг үүнтэй адил зар сурталчилгаа брэнд бүтээх хэрэгслийнхээ үүргийг гүйцэтгэж чадахаа больж, уран зураг шиг л амь торгоож байна.
Энэ нь зар сурталчилгаа үнэ цэнэгүй гэсэн үг биш. Уран зургийн үнэ цэнэ үзэж байгаа хүний нүдэнд л байдаг. Yүрэг гүйцэтгэлийн тогтолцоо нь урлаг болсноор үүргээ гээж, улмаар обьектив хэмжигдэх чадвараа алдана.

Thursday, March 13, 2008

Dollar hyamdrah tsagaar mongold zochilbol

Евро цагаар 2008.03.06 -ны 00.45 минутанд Англын нэг фунт 1.9915 байснаа 2.0360 болход манай төв банкинд 1172 хавидаа зогссоор л байх юм энэ нь төв банкныхан Ам долларт тэгтлээ хайртайн шинжүү эсвэл манай хэд ажилаа хийж чаддаггүй илрэл үү

Saturday, February 23, 2008

Ц.Наранбат: Олон сая доллараар үнэлэгдсэн хэлэлцээр хийх урлагийг энэ номоос сурч болно

“Интерном” номын их дэлгүүртэй хамтран хөтөлдөг номын хит булангийнхаа энэ удаагийн дугаараар шинээр худалдаанд гарсан нэгэн номын орчуулагчтай уншигч авхай таныг уулзуулъя. Батнууд овогт Цэдэнбалжирын Наранбат хэмээх энэ залуу үл хөдлөх хөрөнгийн наймаагаар дэлхийд гайхагддаг Дональд Трампын баруун гар Жорж Россын “Хэлэлцээр хийх урлаг” номыг эх хэлнээ хөрвүүлэн таньд барьж байна. Амжилтанд хүрэхийн төлөө зорьж буй залуустаа зориулсан хэмээн орчуулагч бүтээлээ онцолсон юм. 

-“Хэлэлцээр хийх урлаг” гэдэг ном орчуулжээ. Хоёулаа яриагаа номны талаар биш хэлэлцээр гэдэг гэж юу юм бэ гэдэг талаар эхлэх үү?

-Мэдээж “Хэлэлцээр хийх урлаг” гэдэг номыг ярихаас өмнө хэлэлцээрийн талаар ярих нь зөв. Гэхдээ хэлэлцээрийн талаар ярихаас өмнө хэлэлцээрийг хэн хийдэг юм бэ гэдгийг ярих нь зүйтэй. Хэлэлцээрийг хүрэн зандан ширээний ард нас бие гүйцсэн хүмүүс хийдэг гэж ихэнх хүмүүс ойлгодог. Энэ бол буруу. Хэлэлцээрийг дөнгөж төрсөн хүүхдээс авахуулаад хүн бүр хийдэг. Яагаад дөнгөж төрсөн хүүхэд хүртэл хэлэлцээр хийдэг юм бэ? Номонд орсон жишээнээс иш татъя. 

Хүн хорвоод мэндлээд хамгийн эхэлж эхтэйгээ хэлэлцээр хийдэг байна. Тэр юу вэ гэхээр дөнгөж төрсөн хүүхэд эхийнхээ уургийг амладаг. Нярай хүүхэд ээжээ би мөөмөө хөхье гэж хэлж чдахгүй. Нярай хүүхэд хэлэх нь битгий хэл хараа нь тогтоогүй байдаг шүү дээ. Тиймээс нярай хүүхдийн хэлэлцээр хийх хамгийн зөв бөгөөд ганц арга бол уйлах юм. Энэ бол хүний амьдралдаа хийх олон хэлэлцээрийн эхний алхам бөгөөд энэ нь дандаа амжилттай эхэлдэг. Үүнээс хойш хэлэлцээрүүд хөвөрдөг гэж болно. Тухайлбал, гурван настай хүүхэд дэлгүүрт аав, ээжтэйгээ явж байгаад тоглоом авъя гэдэг. Аав, ээж нь түүнийг нь анзаараагүй, аль эсвэл авч өгөхийг хүсэхгүй байж болно. Хүүхэд энэ үед яах вэ гэхээр уйлж, зарим нь бүр тийчилж, чарладаг. Ингэхлээр зарим эцэг, эхчүүд тоглоомыг нь аваад өгдөг. Энэ үед хүүхэд ингээд уйлаад, чарлах юм бол аав, ээж хоёроор юм авахуулж болох юм байна, ингэх нь их боломжийн арга юм байна гэж ойлгодог. Харин зарим эцэг, эхчүүд уйлсан хүүхдээ тоолгүй тоглоомыг нь авч өгдөггүй. Энэ үед хүүхэд уйлах нь буруу юм байна гэж ойлгоод дараагийн арга руугаа шилждэг. Тэр нь юу вэ гэхээр ээж, аавынхаа гарыг нь атгах, үнсэх, хайртай шүү зэргээр аргадаж байгаад тоглоомоо авахуулдаг. Энэ үед хүүхэд уйлж, чарлах нь тийм ч зөв арга биш юм байна. Өөр аргаар хүссэн юм аа авч болдог юм байна гэж ойлгодог. Иймэрхүү байдлаар хүн насан туршдаа хэлэлцээр хийж байдаг. 

Хэлэлцээр хийхэд ямар нэгэн дүрэм байдаг юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Дүрэм байлгүй яахав дээ гэж бодож магадгүй. Тэгвэл хэлэлцээр хийхэд ямар ч дүрэм, дэг жаяг байдаггүй. Хэлэлцээр хийгч юу хүссэнээ ярьж, хийж болно. Гэхдээ ямар нэгэн бүдүүлэг авир гаргаж болохгүй. Тэгвэл ямар хэлэлцээрийг амжилттай хэлэлцээр болсон гэж үздэг юм бэ? Хоёр тал буулт хийж, харилцан ашигтайгаар шийдвэрлэж чадсан хэлэлцээрийг үр дүнтэй жинхэнэ хэлэлцээр боллоо гэж үздэг байна. Тэрнээс биш нэг талынх нь шаардсан зүйлийг нөгөө тал нь үг дуугүй зөвшөөрснийг хэлэлцээр гэдэггүй.

-Тэгэхээр энэ номын зохиогчийн талаар манай уншигчдад танилцуулаач? 

-Энэ номын зохиогч нь Жорж Росс гэдэг хүн бий. Дональд Трампын баруун гар, “Tramp Organization” –ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Д.Трамп бол үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч, хэнийг ч өмнөө сөхрүүлж чаддаг, маш гайшхамшигтай сэтгэдэг, өргөн цар хүрээтэй ажиллаж чаддаг хүн. Жорж Россын тухай Д.Трамп номын өмнөх үгэнд тодорхой бичсэн байдаг. Нью Йорк хотын эдийн засаг дампуурч байхад хотын томоохон байгууламжийн нэгэнд хөрөнгө оруулалт 27 насандаа амьдралынхаа хамгийн хүнд хэлэлцээрийг хийжээ. Өөрөөр хэлбэл хүн амьтан нь дайжиж байгаа Хонгор суманд том барилга барина гэдэгтэй адилхан. Хоёр жил үргэлжилсэн хэлэцээрийн эцэст Д.Трамп зорьсондоо хүрч, дампуурч байгаа Нью Йоркт том зочид буудлыг байгуулж чадсан. Ж.Россын номонд зориулсан өмнөх үгэнд “Би далайцтай сэтгэж, өргөн цар хүрээтэй ажиллахыг хүсдэг. Гэхдээ амжилтанд хүрэхэд энэ нь хангалтгүй юм байна гэдгийг тэр хоёр жилд мэдэрсэн юм. Чиний гайхалтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнийг хөрсөн дээр буулгахад зайлшгүй шилдэг зөвлөх, сайн туслах хэрэг болдог юм байна лээ. Надад тусалж байдаг тэр хэлэлцээр хийх авъяас, чадварын төлөө би олон 10 сая ам.доллар зарцуулдаг. Харин та энэ номыг уншснаар миний ашигласныхаа төлөө их мөнгө төлдөг тэрхүү цорын ганц хэлэлцээр хийх чадварыг эзэмших болно” хэмээсэн байдаг. Энэ бол Ж.Россын тухай хамгийн товчхон, оновчтой тододорхойлолт юм. 

-Таньд энэ номыг орчуулах санаа хэзээ төрсөн бэ?

-Энэ их сонирхолтой л доо. 2007 оны хавар би өөрийнхөө хийж байсан хэлэлцээрүүд дундаас томд тооцогдох нэгэн хэлэлцээрийг хийсэн. Хэдий амжилттай болсон ч туршлагагүйгээсээ болоод санаанд хүрсэн хэлэлцээрийг хийж чадаагүй юм. Үүний дараа би ямар ч байсан хэлэлцээр хийж сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Гэтэл манайд энэ талаар сургалт, семинар, ном товхимол ганц ч байгаагүй. Тэгээд Америк явсан номын ахдаа хэлэлцээр хийх талаар ном олж өгөхийг захисан, ах маань энэ номыг онолын нэг номтой авчирч өгсөн юм. Би онолынх нь номыг түлхээд Трампын номыг судалж эхэлсэн. Үүний дүнд би ч ахиж, төвшин маань ч эрс дээшилсэн. Тэгээд дараагаар нь яагаад энэ номыг заавал Америк руу захиж, ганц хоёрхон хүн унших ёстой юм. Монголд ажил хэргийн төлөө хичээж зүтгэж байгаа, алдаж, онож яваа олон залуус байна. Энэ олон залуус маань хэлэлцээр хийж сурах ёстой. Тэд энэ номыг уншиж өөрийгөө хөгжүүлэхэд нэг ч гэсэн дуслыг нэмээсэй гэж бодсоны үндсэн дээр энэ номоо орчуулсан даа. 

-Энэ ном таньд бодитоор нөлөөлсөн тохиолдол байна уу? Ганц жишээ дурьдаач? 

-Өнгөрсөн оны 10 дугаар сараас би шинэ ажил эхлээд явж байна. Энэ хугацаанд 30 орчим хэлэлцээрт оролцсон байна. Тэндээс яалт ч үгүй алдсан хэлэлцээр нэг, үгүй гэсэн хариу сонссон нь хоёр байна. Гэхдээ би үгүй гэсэн хариулт сонсоод бууж өгөөгүй байгаа. Удахгүй дээ, цагаан сараас өмнө энэ хоёртойгоо дахин хэлэцээрийн ширээнд сууж, амжилттай дуусгана гэдэгт итгэлтэй байна. Харин яалт ч үгүй алдсан гээд байгаа хэлэлцээрээ гурван сарын дараа дахин сэргээх болно. Ер нь энэ талаар урьд анализ хийж үзээгүй байсан юм байна. Тэгээд одоо бодох нь ээ миний хувьд ахиж дэвшсэн зүйл их байгаа юм байна шүү 

-Манай бизнес эрхлэгчид хэлэлцээрийг хэр сайн хийдэг бол? Д.Трамп, Ж.Росс нартай харьцуулаад үзвэл ямар вэ? 

-Бид Монголын бизнесмэнүүдийг чамлаж болохгүй юм аа. Тэд өөрсдийнхөө хэмжээнд таарсан хэлэлцээрийг л хийж байгаа. “МСS” холдингийн захирал Оджаргалын хийдэг хэлэлцээрийн хажууд миний хийж байгаа хэлэлцээр жижигхэн зүйл. 30 орчим хэлэлцээр хийлээ л гэж байна. Тэднийг нийлүүлээд Оджаргал захиралын хийж байгаа нэг хэлэлцээрт хүрэх үү, үгүй юу. Нөгөө төлөөр манай авъяслаг бизнесмэнүүдийг жижигхэн гэж хэлж болохгүй. Би “Номин”-гийн Шагдарсүрэн ерөнхийлөгчийг мэднэ. Түүний хүү Ш.Баярсайхан захирлыг мэднэ. Оджаргал захирлыг мэднэ. Энэ хүмүүсийн хэлэлцээр хийж байхыг харсан, хажууд нь байсан, хэлэлцээрийн ширээний ард сууж байсан. Тэд үнэхээр гайхалтай хэлэлцээрүүдийг хийдэг. Харин Д.Трамп, Ж.Росс нартай харьцуулахад тэдний сэлж буй аквариум том, харин манайхны аквариум жижиг л байна. Дональд Трампаас хүчтэй хэлэлцээр хийдэг хүн Монголд байгаа. Дэлхийн хүмүүсийн оюуны чадамжаар нь жагсаахад монгол хүн эхний 10-т орж байсан. Энэ биднийг муу гэж биш гэдгийг нотолж байгаа хэрэг биш үү? 

-Хэлэлцээр хийж байгаа хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ?

-Нятрашгүй, шантрашгүй, цуцашгүй л байх ёстой. 

-За таньд маш их баярлалаа. Эцэст нь манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ? 

-Энэ ном бол гайхалтай ном. Ихийг хийж бүтээхийг хүссэн маш олон залуусын ажил, амьдрал, бизнест хандах хандлагыг өөрчилж, тэдний амжилтанд түлхэц болж чадах ном шүү. Та бүхэнд амжилт хүсье. 

Ярилцсан С.БОЛД-ЭРДЭНЭ

Monday, January 21, 2008

Тархины ба эдийн баян: Хэн нь хэнийгээ вэ?

Bayarhuu guiyan bichsen zuiliig unshaad ih taalagdsan tul copy paste hiichikhleee

Монголын нийгэм тогтворгvй, ажилгvйдэл, ядуурал, авлигал нь хэрээс хэтэрсэн, дээрээс нь архи ба химийн элдэв хорт бодист хордсон, энэ бvх vзvvлэлтээр дэлхийд сvvл 


мушгигчдын тоонд орчихсон яваагийн гол шалтгаан бол эрх баригчид, зах зээл, Хятадын далд бодлого, эсвэл иргэншлийн гологдол гэхчлэн буруутгах буруутан мундахгvй. Гэвч сэтгэхvйн хоосрол буюу тархины ядуурал хамгийн гол буруутан нь мєн. Энэ тухай єгvvлбээс:

"Баян", "баялаг" гэдэг vгийн утгыг эхлээд тунгаах аваас, эдvгээгийн монгол тєсєєллєєр арай л єєр, нэг тиймэрхvv примитив гутармаар зvйл толгойд буух болов уу. "Мянгат малчин" гэж хєдєєд лут баян хvн нэлээдгvй тоогоор бий. Хотондоо 1000 хонь, 200 vхэр, азарга адуутай хvн байна гэж бодъё. Нийт ємч нь шvv дээ. Монгол ухаанаар бол энэ лут баян хvн хамгийн хvндтэй нь мєнєєсєє мєн. Гэтэл мєнгєн дvнгээр тэр их ємчийг нь тоолбол 100 сая тєгрєг, эсвэл 100.000 ам.доллар хvрэх тєдий. XXI зууны соёлжсон, эрvvл нийгмийн хэмжvvрээр бол ийм хэрийн мєнгийг захын хvн ємчилж, бараг тэтгэврийн хєгшдийн хадгаламжинд байж байдаг мєнгє шvv дээ. Манайд бол зовлогоо зовоож шар махтайгаа хатаж байгаад хийдэг мєнгє. Ялгаа байгаа биз?

Нэгэнтээ "баян" гэдэг хэмжvvр нь буруу гараанаас тодорхойлогдож байгаа тул баянаа дагаад хvчтэй, чадалтай, эртэй бяртай гэх тодотгол мєн буруу замаар тодорхайлогдож байна. "Мєнгєтэй л бол гvйцээ!" гэх нийгмийн сэтгэхvй маш эрчтэй тархсаныг дагаад мєнгєєр юу ч бvтээж, байгуулж, амжуулж, хийлгэж болдог гэсэн хууль vйлчилдэг. Мєнгєтэй хvнийг баян гэнэ. Баян гэж хэлvvлэхийн тулд асар их мєнгєтэй байх хэрэгтэй. Цаашаа тэр хvний бусад vзvvлэлт гол биш.

Гэтэл монголчуудын нэг их холын биш сэтгэхvйд шал єєр хэмжvvр байж ирснийг эрдмийн баярын энэ єдєр зориуд сануулъя гэлээ. Зах зээлийн эрvvл нийгмийн хэрэгцээ, оюунлиг хvмvvнлэг байдлыг манай євєг дээдэс их эртнээс мєрєєдєж шvтэж ирснийг илтгэх:
"Дээд баян эрдэм ном
Дунд баян vр хvvхэд
Адгийн баян авдар сав, алт мєнгє, адуу мал" гэсэн онч мэргэн vгс уран зохиолын тайлбар толиноо байж байх юмаа.
Vvнийг би овоо тахилга, концерт шоу, хурдны морьдыг ивээн тэтгэдэг толгой баячуудад зориуд толилуулж байна. Тэгээд ч Боловсролын нэгэн сайд нь дээхнэ зурагтаар "Овоо тахилга, концерт шоуг битгий ивээн тэтгээч ээ, боловсролд мєнгє єгєєч ээ!" хэмээн хормой дэвсэн гуйж харагдав. Зєв бєгєєд аргаа барсан гуйлга гэж vvнийг би хэлнэ.

"Дээд баян эрдэм ном, дунд баян vр хvvхэд, адгийн баян..." гэдэг энэ онч vгс эдvгээ яг эсрэгээр эргэчихээд дээд баян гэх ойлголтын утга нь тєрєл арилжаад алга болжээ. Монголын нийгмийн хамгийн ядуу давхарга гэвэл нvцгэн эрдэмтэд, тэгээд ариун vйлст багш нар маань гарцаагvй орно. ШУА, тєрийн мэдлийн их сургуулийн багш профессорууд дэлхийн дунджаас хамаагvй доогуур цалинжиж, модоо барьчихаад байгаа ба хичээлийн шинэ жил эхлэхээр номоо шахаж амин зуулгаа олж байна. Захирал, декан сэтэртэн нь тооноос хэтэртэл оюутан элсvvлж хахуулиар баяжаад, эднийг юун дээд баян, бvхэлдээ дундаас доошоо орсон эмзэг давхарга болжээ. 

Оюуны хєдєлмєрийн vнэлэмж навсайтлаа унаж, зах зээлийн ердийн нэг бараанаас ч дор орчихоод байна. Оюунтан моодноос гарсан, багш нарын цалин захын худалдаачны орлогоос хэт бага болсон учраас багш хийх хvн мєд олдохоо болино, энэ янзаараа бол. Бензин шатахууны vнэ нэммэгц гурил, мах, эм тарианы vнэ тэнгэрт хаддаг бол шатахууны vнийг дагалдуулаад ном, оюуны бvтээлийн vнийг хэн ч нэмж зvрхэлдэггvй. Номын vнэ хамаагvй ирсэн нь эрдэм тvгээх буяны сэтгэлийнх биш, ерєєсєє хэн ч тоож авахаа больсонд байгаа юм. Хєєрхий нvцгэн эрдэмтэд эрдмийн зэрэг горилсон компанийн эздийн диссертацийг бичсэн шиг, эсвэл бvтээлийнхээ нэрийг сольж цаадуулдаа худалдаад л. 

Компанийн захирал докторууд нь "Бvтээлгvй эрдэмтэн жимсгvй модтой адил" гэсэн нэгэн онч vгийг яг нотлохоор, тоо нь хэт олдоод тусдаа академи байгуулчихад хvрэлцэхvйц болжээ. "Одоо мєнгєтэй л XVH сурдаг болжээ. Гэтэл тархийг бурхан єгдєг. Хичнээн мєнгє байгаад ч ухаантай болохгvй. Хєгжилтэй орнуудад авьяастай хvнд сурах боломж олгодог. Яагаад гэвэл боловсролгvйгээр улс орны хєгжил хаашаа ч хєдлєхгvй гэдгийг аль эрт ойлгосон учраас" хэмээн Оросын нэрт зрдэмтэн Сергей Капица яг онож хэлжээ.

Монголын улс тєр гэж баян ядууг тодруулдаг нэгэн лут гаж механизм байна. Бичиг vсгийн чадвар, оюуны vнэлэмж гэж ярихаа азнаад улс тєрч гээд нэрлvvлээд байгаа нийгмийн нєлєє бvхий хvмvvсээс нь маажиж vзвэл мєнгєєр зодсоор УИХ-д орж ирсэн, эсвэл ТVЦ-нээс эхэлсэн худалдаагаа том дэлгvvр болгоод мєнгєє намдаа хандивлаад дvvргийн нам дарга болсон, хот хєдєєгvй овойсон их хєрєнгєтэй, азарга адуутай, ил далд лиценз, уурхайтай гэхчлэн, нэг иймэрхvv намтартай бэрдийн тулам болсон нь улс тєрд зонхилж байгаад ичих айх хосолмоор. Энэ нєхєд тєр барилцаад ирэхээрээ мєдхєн доктор, академич болчихсон цохиж явахад нийгэм гайхахгvй. Ийм хvмvvсийн амьдрал улам баян тансаг болж дэвжиж байгаад атаархаад яахав. Арабын нэгэн цэцэн vг буй. Тэр нь "Хvмvvс дєрвєн янз байх аж.
1) Мэддэг, мэддэгийгээ мэддэг хvн. Тvvнийг цэцэн хvн гэх бєгєєд тvvнээс суралцах хэрэгтэй. 
2) Мэддэг, мэддэгийгээ мэддэггvй хvн. Тvvнийг хэнэггvй хvн гэх бєгєєд тvvнийг сэргээх хэрэгтэй.
3) Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэг хvн. Тvvнийг юм сурах хvн гээд тvvнд юм зааж єгєх хэрэгтэй.
4) Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэггvй хvн. Тvvнийг "илжиг" гэх бєгєєд хєєн явуулбаас зохино" гэжээ. Тэгвэл 100 наслахгvй байж 1000 жилийн хєрєнгє мєнгє цуглуулсан илжигнvvд Монголоор дvvрэн байгаа бус уу? Тиймvvдийг нийгмээс ховх арчих хэрэгтэй.

Одоо бидний єдєр тутмын vзэгдэл болчихоод буй ядуурал, ажилгvйдэл, орон гэргvй тэнvvчлэл, боловсролгvйдэл дээр барагдашгvй, цадаж ханашгvй их дуу хуур, урлаг уран сайхан, шоу хослон зэрэгцэн яваа нь яваандаа Монголыг дэлхийд сондгойруулж нэг мэдэхнээ дуу хєгжим, цэнгvvн шоу бялхсан ядуурлын туйл болгож мэдэхээр байна. Ингэхгvй гэвэл айл єрх бvр биш гэхэд ядахдаа саахалт хот айлын дунд нэг компьютертэй, интернэтэд ядахнаа долоо хоногт ганц удаа нэвтрэх хvсэлтэй, ахуй ба арилжааныхан бvгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зєв хооллох наад захын хэмжvvртэй, орчлонгийн тухай наад захын зєв тєсєєлєлтэй болох, юуны ємнє боловсролыг толгой дээрээ тахиж, боловсролтой эрдэмтэй хvмvvсийг шигшиж орой дээрээ залах хэрэгтэй.

"Их мэдлэг бол хvний дээд чимэг мєн!" хэмээх К.Марксын лут vг бий. "Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим!" гэх монгол нэгэн онч vг бас байна аа. Харин манай нийгэмд энэ vгсийн утга хаачсан бэ? "Гангараа" хэмээх нэгэн чамин лут ойлголт байх ба машин, гар утас, зуслангийн олон давхар хаус, уясан азарга нь гангараа болж зонхилсон єнєєгийн Монголд жинхэнэ чимэг болох эрдмээ єчvvхэн ч болов дээдлээч ээ хэмээн уриалъя. XXI зууны монголчууд бол шинжлэх ухаан-технологийн боловсролын тєлєє vхэлдэх ёстойсон. Ерєєсєє боловсролын vvрэг роль нэмэгдэж, тvvний агуулга єєрчлєгдєж, чанар нь дээшилчихээд байна. Нанотехнологи, оюун ухаан-мэдлэгт тулгуурласан цоо шинэ нийгэмд амьдарч ажиллах, тvvний хурдыг даах тэсвэрлэх чадвартай монголчуудын тєлєє залбиръя!

Проф.Олхонуд Д.Баярхvv

Friday, January 18, 2008

ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГ худалдаанд

TRUMP STYLE NEGOTIATION ном Монгол хэлнээ “ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГ” нэртэйгээр орчуулагдан гарсан бөгөөд уг номын нээлт 2008.01.19 – ний 15 цагаас “Интер номын их дэлгүүрт” болно.

Уг номонд зориулан бичсэн Доналд Трампын үгийг та бүхэнд хүртээл болгож байна:

1970 онд үл хөдлөх хөрөнгийн анхны томоохон хэлэлцээрээ хийхээр 27 настай залуу Манхетанд ирэхдээ анх жорж росстой уулзаж билээ. 

Тэр үед Жорж Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тоглодог хуулийн фермийн томоохон хувь нийлүүлэгч байсан. Тэр анхны уулзалтаар л миний хийх гэж буй хэлэлцээр ямар хэцүү болохыг ойлгосон. Хамгийн гол нь ийм хэцүү хэлэлцээрийг хэн ч хийж байгаагүй нь миний сэтгэлийг хөдөлгөж байсан. Миний төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд харилцан адилгүй ашиг сонирхол бүхий талуудтай хэлэлцээр хийх шаардлагатай байсан. 

Энэ төлөвлөгөө бол гранд сентрал терминалын дэргэдэх нурах шахсан барилгыг нэгдүгээр зэргийн зочид буудал болгон засах байсан. Миний төлөвлөгөөг хэзээ ч бүтэхгүй гэсэн бодолтой Нью-Йоркийн төмөр зам, хотын захиргаа, харъяа албад, мужийн удирдлагуудтай хэлэлцээр хийх, мөн санхүүжүүлэгч олох хэрэгтэй байлаа. Жорж хэдийгээр зарим талаар туршлага дутмаг байсан ч миний төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг мэдэж байсан. 1970 онд хот бүхэлдээ дампуурлын байдалтай байхад хэн ч нэгдүгээр зэрэглэлийн зочид буудал барих нь бүү хэл энэ тухай төсөөлөө ч үгүй байлаа. Бүтэн хоёр жил хэлэлцээр хийсний дүнд төлөвлөгөө маань бодитой ажил хэрэг болсон. Энэ олон хэлэлцээр жоржийн хэлэлцээр хийх туршлагагүйгээр хэзээ ч амжилттай болохгүй байж болох байсан ч түүнтэй хамтарсанаар миний ажлын гараа амжилттай болсон. 

Би өөрийгөө хэний ч хийж чадахгүй зүйлийг хийхийг хүсдэг, өргөн цар хүрээтэй сэтгэдэг гэж боддог ч хоёр жил хэлэлцээр хийх тэр хугацаанд зөвхөн өргөн цар хүрээтэй сэтгэх нь хангалтай биш бөгөөд бодсон сэтгэснийг чинь ажил хэрэг болгох дадлага туршлагатай зөвлөх хэрэгтэйг ойлгосон. Жорж үл хөдлөх хөрөнгийн шилдэг хуульч боловч түүнээс илүүтэйгээр /хэрийн хуульчид байдаггүй/ маш сайн бизнесмэн бөгөөд хэлэлцэгч юм. Энэ хосолмол чадвар нь түүний гол онцлог юм. 

Би томоор төсөөлж далайцтай ажиллах дуртай бөгөөд детал зүйлүүдэд цаг зав гаргах дургүй. Детал зүйлүүдийг би жоржид бүрэн даалгаж, түүнд итгэдэг. Тэр миний төсөөллийг хэрхэн ажил хэрэг болгохыг мэддэг, түүгээр зогсохгүй хэлэлцээрийг хэрхэн хийх, эсрэг талын хэрэгцээ шаардлага, хүслийг мэдэх, хүссэн үр дүнгээ авах талаар төрөлхийн авъяастай. 


Та энэхүү номыг уншиж, ажил хэрэгтээ мөрдлөг болгосноор миний зүгээс Жоржид мөнгө харамгүй төлөх болдог тийм гайхамшигтай хэлэлцээр хийх урлагийг эзэмших болно. 

ДОНАЛД ТРАМП